УИД нь 4,700 орчим харилцагч түрээслэгчдийн 240,000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 1,000 гаруй ажиллагсадтайгаар өдөрт дундажаар 20,000 орчим хэрэглэгчдэд үйлчилдэг.
Одоо УИД -т Супермаркетын худалдаа, ном бичгийн хэрэгсэл, бэлэг дурсгал, гоо сайхан, гоёл чимэглэл, үндэсний үйлдвэрлэгчдийн ноос ноолууран бүтээгдэхүүн, спорт болон бэлэн хувцас, хүүхдийн бараа тоглоом, гэр ахуйн болон электрон бараа, үзвэр үйлчилгээний газар, ресторан, банк санхүүгийн зэрэг үйл ажиллагаагаа явуулж ард түмэндээ бүхий л хэрэгцээг хүргэхээр зорин ажиллаж байна.
1921
Хоршоо
УИД ХК -ийн анхны суурь “Хоршоо” нэртэй /жижиг дэлгүүр/ байгуулагдсан нь 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа Сангийн яамны харьяанд Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг байгуулсантай нас чацуу юм. Ардын хувьсгал ялахаас өмнө үндэсний худалдаа гэх юм байсангүй. Дан ганц гадаадын 524 пүүс, олон мянган хувийн худалдаачид монголд голлож байсан.
1933
Нийслэл хотын хоршоо, Төв Дэлгүүр салбарын өсөлт хөгжил
Монгол - Зөвлөлтийн Засгийн газрын хооронд худалдааны анхны хэлэлцээрийг байгуулсны үрээр “Хоршоо” нэртэй жижиг дэлгүүрийг “Төв Дэлгүүр” болгон өөрчилсөн. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтай дарга сургагч, ахлах, тооцооны нягтлан бодогч, дансны сургагч, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 20 -иод орон тоотой шинэчлэн байгуулснаар жинхэнэ дэлгүүрийн хэв маягт шилжсэн байдаг. 1933 онд шинэ байранд /одоогийн уран зургийн галерей/ орсноор түүхэнд “Өндөр хоршоо” гэж нэрлэгдэх болсон. Тэр үедээ хүнс болон өргөн хэрэглээний барааны 5 танхимтай, 40-өөд ажилтантай болж байсан байна.
1961
Улсын Их Дэлгүүр
1959 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалийн 40 жилийн ойн баярын өмнө улсын хэмжээний худалдааны “Нэгдсэн төв” барьж байгуулахаар 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Хятад улсын зураг төсөл, барилгачдын дэмжлэгтэйгээр одоогийн барилга байгууламжийг 1961 оны 6-р сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан байна. Энэ үеэс “Улсын Их Дэлгүүр” хэмээн нэрлэгдэх болжээ.
1971
Монголын Анхдагч
Монголд анх удаа төлөвлөгөөт урамшууллын шинэ системийг анх нэвтрүүлж, худалдаалах барааны нэр төрлийг жилээс жилд нэмэгдүүлэх, бригадаар эд хариуцах, зарим тасаг өөртөө үйлчлэх хэлбэрт шилжиж, барааг жижиглэн савлаж худалдаалах, барааны хадгалалтыг сайжруулж, барааны нэр төрөлтэй ажиллах дотоодын хяналтыг нэвтрүүлэх, бараа материалын хөдөлгөөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, гологдолгүй үйлчилгээ, үзэсгэлэн, өргөтгөсөн худалдаа гаргах зэрэг үйлчилгээний дэвшилтэд хэлбэрүүд шилжжээ.
2000
Номин Холдинг
1995 оны 12 -р сарын 12 -ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын №106 -р тогтоолоор "УИД -ийг гол зорилго зориулалтаар нь ажиллуулж, Их Дэлгүүрийн зэрэглэл өндөр байх хэмжээнд өөрчлөн шинэчлэхтэй холбогдуулан төсөл шалгаруулах журмаар “Хувьцаат компани” болгон өөрчлөн зохион байгуулж хувьчлах" шийдвэрийг Монгол Улсын Засгийн Газар гаргаж “Номин Холдинг” ХХК 2000 оны 5 -р сард дийлэнх хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар төрөөс хувьчилж авсан юм. УИД -ыг хувьчилж авснаас хойш өнөөдрийг хүртэл 20 жил-ийн хугацаанд үйлчлүүлэгч нартаа сэтгэл ханамжийг бий болгосон 35 градусын налуутай хоёр урсгалтай, цагт 9,000 хүн нэвтрүүлэх хүчин чадалтай сүүлийн үеийн урсдаг шатыг 6 давхар хүртэл шинээр суурилуулсан. Түүнд нарны гэрэл нэвт тусах таазны өвөрмөц шийдлийг бий болгож байгалийн гэрэлтүүлгийг ашигласан. Дээд давхруудын талбайн тэн хагас нь агуулах, конторын зориулалттай байсныг өөрчилж үйлчилгээний танхим болгосон. Ингэснээр үйлчилгээний талбай УИД -ийн анх баригдсан төлөвлөлтөөр нийт 22,988 м2 хэмжээтэй байсныг 2006 - 2010 оны их засвараар 25,864 м2 талбайтай болгож 12 орчим хувиар нэмэгдсэн.
2020
Монгол Улсын түүхэн барилгын сэргээн засвар
2020 оны 6 сарын 7-ны өдөр УИД-т гэнэтийн галын аюул учирч, УИД ХК -н хувьцаа эзэмшигчид, харилцагч, түрээслэгчдийг эд хөрөнгөөр хохироосон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. Ийм хүнд хэцүү цаг үед гар сунган дэм болж байсан харилцагчид, түрээслэгчид, нийлүүлэгчид, хамтрагч түнш компаниуд тусалж, олон мянган сэтгэгдлээ ирүүлж байсан хэрэглэгч үйлчлүүлэгчид монголын ард түмэн болон манай одоогийн болоод үе үеийн ажилчид, албан хаагчиддаа гүн талархлаа илэрхийлье. Харин одоо бид тэднийхээ дэмжлэгийн хүчээр 100 жилийн түүхэн дурсгалт УИД-ээ сэргээн засварлаж шинэ шилдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологийн дагуу ажлууд хийгдэж, түймэрт эд хөрөнгөөр хохирсон харилцагчдынхаа хохиролыг бүрэн барагдуулж дуусаад байна. Энэ хөрөнгө мөнгө их шаардсан нүсэр ажлыг харилцагч түншүүд дэмжигчдийнхээ хүчин туслалцаатайгаар “100 жил” -ийнхээ түүхэн ойн өмнө цаг үеийн элдэв саад бэрхшээлийг даван туулж амжилттай гүйцэтгэн бүрэн сэргээн засварлалаа.
2021
100 жилийн ой
Анх Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан Төв дэлгүүр нэртэйгээр ашиглалтанд орсноос хойш 100 жилийн түүхийг бүтээж өв соёлоо хадгалан ирсэн Монгол улсын Түүхэн дурсгалт барилга байгууламжийн Дээд зэрэглэлд багтах биет соёлын өвийн нэг болсон үнэ цэнэтэй байгууламж юм. Монгол Улсад Худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, “Улсын Их Дэлгүүр” үүсэж хөгжсөний 100 жилийн ой давхар тохиож байгаа билээ. Улсын их дэлгүүр нь Монгол улсын нэрийн хуудас болон нэгэн зууны туршид сүндэрлэн байгаа билээ.
Улсын их дэлгүүрийн музей
Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 100 жилийн хувьсан өөрчлөлтийг харуулах түүхэн музейд зочлоорой.
Улсын их дэлгүүүрийн 100 жилийн ойд зориулан бүтээв.
Улсын их дэлгүүүрийн 100 жилийн ойд зориулан бүтээв.